Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байсан шарилын сүм

Гүнжийн сүм Түшээт хан аймгийн Дархан Чин вангийн хошууны нутаг буюу одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт буй. Манж Чин улсаас 1696 онд Дархан Чин вангийн хошууны дээд өвөг Балдандоржийн хүү Дондовдоржид Энх-Амгалан хаан гүнжээ хатан болгон өгчээ. 

Үүнээс хойш уг хошууны ноён Манжийн эфү болсон юм. Дондовдорж ван Манж гүнжтэйгээ олон жил амьдарч хожим түүнийг нас барсан хойно Манжийн хааны зарлигаар Баруун баян хэмээх одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт үзэсгэлэнт уулын энгэрт нэгэн сүм барьж, тэр сүмийн хүлэмжинд шарилыг нь оршуулжээ. Улмаар тус хошуунаас нэг хэсэг отог таслан уг сүмийг тахиулснаар тэднийг “сүмчин” отог хэмээн нэрлэж, сүмийг Гүнжийн сүм гэх болсон ажээ. Уг сүмийн лам нар нь хурал хурж, сүмээ тахин шүтэж, эрчүүд \харчууд\ нь сүмийн мал, тарианы ажлыг эрхэлж өөр алба үздэггүй дархан эрхтэй отог байв. Гүнжийн сүмийн бүх эд хогшил, бусад зүйл цөм удтал хадгалагдаж байгаад 1938-1942 онд сүйтгэгджээ. 

Өдгөө зөвхөн хэрмэн дотрох гол сүм, гадна талын харгалзагчийн байшин, цамхаг, 1740 онд бариулсан Хичээнгүй Амирлангуй гүнжийн шарилын хөшөө зэрэг байгаа болно. 1949 онд Монголын Шинжлэх Ухааны хүрээлэн гүнжийн булшийн орчимд малтлага хийж газар дорх шарилын байшинг олжээ. Урьд өмнө нь тоногдсон булшнаас цагаан зандан авс, чулуун хайрцаг сэлт олджээ. Гүнжийн сүм нь XVIII зууны үеийн Монголын уран барилгын хийгээд Монголын эд өлгийн чухал дурсгал юм. Энэ дурсгалыг 1971 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 420-р тогтоолоор улсын хамгаалалтанд авчээ. 1990-ээд оноос тус сүмд ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Төв аймгийн орон нутгийг судлах музей тандалт судалгааг хийжээ. (С.Чулуун, Н.Маралмаа)

СЭТГЭГДЭЛ

0 Comments